Юнеско ба түүний конвенци


ЮНЕСКО нь 1946 онд байгуулагдсан НҮБ-ын Олон улсын төрөлжсөн, Засгийн газар хоорондын байгууллага юм.

Одоогоор 193 гишүүн оронтой. ЮНЕСКО-гийн гол зорилго энх тайван, тогтвортой хөгжил, соёл хоорондын харилцан хүндэтгэлийг дэмжин хөгжүүлэх, мөн ядуурал, тэгш бус байдлыг таслан зогсоох үйл хэрэгт хувь нэмэр оруулахад боловсрол, шинжлэх ухаан, соёл болон харилцаа холбооны их хүч, нөөц бололцоог дайчлан гаргахад оршино.

Монгол улс ЮНЕСКО-д 1962 онд нэгдэн орсон бөгөөд ЮНЕСКО-гийн бүхийл үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож ирлээ.

ЮНЕСКО-гийн Конвенци нь Оролцогч улсууд хоорондоо холбогдох асуудлаар хэлэлцэн тохирч, эрхзүйн хувьд баталгаажуулсан гэрээ бөгөөд голдуу үндэсний болон олон улсын хэмжээнд нэгдсэн зорилтуудаа тодорхойлж, түүнд хүрэх арга зам, стандарт механизмуудыг тогтоодог болно.

1.2 Соёлын өвийн талаархи ЮНЕСКО-гийн Конвенциуд
Соёл ба соёлын өвийн хүрээний ЮНЕСКО-гийн 7 Конвенци байдаг бөгөөд эдгээр нь дараах өвийн зүйлүүдийг хадгалж хамгаалахад чиглэгддэг: (a) соёлын биет өв болон биет бус ба байгалийн өв; (б) өнөөгийн дэлхий дээрх соёлын илэрхийллийн олон төрөл зүйл. Үүнд:
  • Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалаж, хөхиүлэн дэмжих тухай Конвенци (2005). 
  • Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенци (2003). 
  • Усан доорхи соёлын өвийг хамгаалах тухай Конвенци (2001). 
  • Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенци (1972). 
  • Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Конвенци (1970). 
  • Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын өвийг хамгаалах тухай Гаагийн Конвенци (1954). 
  • Зохиогчийн эрхийн тухай түгээмэл Конвенци (1952, 1971). Зэрэг Конвенци орно. 
ЮНЕСКО-гийн стандарт тогтоох баримт бичиг/хэрэгслийн бүрэн жагсаалтыг дор хаягнаас харна уу: http://portal.unesco.org/en/ev.php-URL_ID=13649&URL_DO=DO_ TOPIC&URL_SECTION=-471.html

1.3 Соёл болон өвийн холбогдолтой ЮНЕСКО-гийн гол гурван Конвенци

Соёл болон өвийн холбогдолтой ЮНЕСКО-ийн гол 3 Конвенци соёлын олон төрөл байдлыг хөхиүлэн дэмждэг ба хэдий бүгдийг багтааж бүрэн төгс болоход хол байгаа ч тэдгээр нь өнөөдөр бараг цогц агуулгатай болоод байна.

Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенци (Дэлхийн өвийн Конвенци) нь Дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнэ (ДДХГҮЦ) бүхий үл хөдлөх соёлын өв болон байгалийн өвийн газар нутгуудыг хадгалж хамгаалахад чиглэгддэг. Одоогоор уг Конвенцийг ЮНЕСКО-гийн ихэнхи гишүүн орнууд (193-аас 187 нь) батлаад байна. Энэхүү Конвенци нь ЮНЕСКОгийн Конвенциуд дундаас хамгийн түгээмэл нь бөгөөд ялангуяа Дэлхийн Өвийн Жагсаалт (ДӨЖ)-аараа дэлхий дахинд ашиг тусаа өгч байгаа билээ. Монгол улс энэхүү Конвенцид 1990 онд нэгдэн орсноос хойш уг Конвенцийг хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.

2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенци (Биет бус өвийн Конвенци) нь хүн төрөлхтний соёлын биет бус өвийг хамгаалахад чиглэгддэг. 2015 оны 4 сарын 14-ний өдрийн байдлаар нийт 163 орон уг Конвенцид Оролцогч улсаар нэгдэн ороод байна. Уг Конвенци нь цар хүрээ, арга замын хувьд Дэлхий өвийн Конвенциос нилээд ялгардаг боловч хэдэн хэдэн суурь үндэслэлүүд нь СББӨ-ийн Конвенцид хүчтэй тусгалаа олсон байдаг. Монгол улс энэхүү Конвенцид 2005 онд нэгдэн орсон.

2005 оны Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалж, хөхиүлэн дэмжих тухай Конвенци нь соёлын илэрхийллүүдийн агуулгыг бүтээж, бий болгох, үйлдвэрлэхээс эхлээд, түгээх, дэлгэрүүлэх, үзэж сонирхох, хэрэглэх болон тэдгээрээс таашаал хүртэх зэрэг хүний бүтээлч үйлийн бүхий л сүлжээ хэлхээ, орчин нөхцлийг бүрдүүлж сайжруулах замаар соёлын олон төрлийг хөхиүлэн дэмжихэд чиглэгддэг. 2015 оны байдлаар нийт 140 орон уг Конвенцид Оролцогч улсаар нэгдэн ороод байна. Монгол улс энэхүү Конвенцид 2007 онд нэгдэн орсон байна.

1.4 Дэлхийн өвийн Конвенци (1972) ба СББӨ-ийн Конвенцийг харьцуулах нь

ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенци нь дэлхий дахины хосгүй гарамгай үнэ цэнэтэй Соёлын үл хөдлөх (хөшөө дурсгалууд, уран барилгын дурсгалууд, түүх соёлын дурсгалт газрууд, соёлын өвийн газар нутгуд) өв болон байгалийн өвийн газар нутгуудыг хадгалж хамгаалахад чиглэгдэнэ. Харин СББӨ-ийг хамгаалах 2003 оны Конвенци бол хүмүүсийн тодорхой бүлгийн оюун санаа, үйл ажиллагааны илэрхийлэл, арга маягийг хамгаалж дэмжэхэд чиглэгдэнэ.

Биет ба биет бус өв нь ихэнхи тохиолдолд хоорондоо нягт уялдсан байдаг. Биет бус соёлын өв нь хүний оюун санаа, сэтгэл зүйд тогтвортой оршин байж хүний бие, хэл, сэтгэлээр дамжин илэрхийлэгдэж үйлдэгдэнэ. Ийм ч учраас биет бус соёлын өвийг амьд уламжлал гэнэ. Тэдгээр нь ийнхүү биет бус байдлаар оршин байдаг учир түүх соёлын биет өв болох хөшөө дурсгал, уран барилга, хот суурины туурь, урлагийн бүтээл гэх зэрэгтэй харьцуулбал тодорхой биет байдлаар олж тогтоох боломжгүй, хадгалж хамгаалах арга нь өөр биет өвийг бодвол цаг хугацаа, орон зайд ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг учраас биет бус өв нь нийгмийн өөрчлөлт, харилцан нөлөөлөлд өртөмгий, нэн эмзэг юм. Үүний зэрэгцээ биет бус соёлын өв нь урьд өмнө бүтээгдэн хадгалагдаж өнөө үед хүрч ирсэн биет өвийн агуулга нь болж байдаг, иймээс түүх, соёлын эдгээр биет дурсгалууд нь эргээд үндэстэн, угсаатны тухайн цаг үеийн биет бус соёлын илэрхийлэл, хувьсал хөгжлийн гэрч нотолгоо болдог. Тэдгээрийг хадгалж хамгаалах арга зам нь ч өөр өөр юм. Биет өвийг хадгалж хамгаалах нь аль хэдийн тогтсон уламжлалын дагуу өнгөрсөн үеийн эд зүйлийн үлдэгдэл (ул мөр, эд юмс, барилга)-ийг хамгаалан авч үлдэхэд голлон анхаардаг. Харин Биет бус өвийн Конвенци нь СББӨ-ийн үйл ажиллагаатай холбогдох эд зүйлс, бүтээгдэхүүнийг хамгаалж дэмжихэд голлох бус СББӨ-ийг, түүний илэрхийллийг өөрийг нь хамгаалахад илүү анхаардаг. Зарим тохиолдолд СББӨ-ийг үйлдэх, тоглох болон өвлүүлэн уламжлуулахад шаардагдах багаж, зэмсэг, эд зүйлийг хамгаалах нь зайлшгүй шаардлагатай байдаг.

Эх төрх байдал ба бүрэн бүтэн байдлын хувьд

ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенцийн дагуу Дэлхийн биет өвүүдийн ач холбогдол, үнэ цэнэ, хамгаалалтын зорилгыг одоо ч үндсэндээ эх төрх байдал ба бүрэн бүтэн байдлын үнэлгээнд тулгуурлан тодорхойлдог хэвээр байгаа. Биет болон биет бус өвийн мэргэжилтнүүд 2004 оны 10 дугаар Яматогийн Тунхаглал хуралдаж гаргасан юм. Тэр тунхаглалд биет бус өв нь байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг болохоор биет өвд харгалзах ‘эх төрх байдал’ гэдэг ойлголт нь СББӨ-ийг олж тогтоох, хамгаалахад төдийлөн тохирохгүй юм гэдэгтэй санал нийлцгээв.

СББӨ-ийн Конвенцийн зорилго нь СББӨ-ийг зөвхөн үйлдэх, өвлүүлэх, анхны нэг л янзаар эсвэл түүхэн хөдлөшгүй нэг л аргыг баталгаажуулах явдал биш юм. Конвенцийн хүрээнд СББӨ-ийг хөдлөшгүй хэвшмэл хэв загварт хүргэж болохуйц үйлдэл, үйл ажиллагааг дэмжихгүй бөгөөд биет бус өв нь бага ч гэсэн шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг гэж үздэг.

Хоёр Конвенцийн жагсаалтад бүртгэх шалгуурууд, тэдгээрийн онцлог, ялгаа

ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенцийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авахдаа тухайн өвийн ‘Дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнэ’-ийг үндсэн шалгуур болгодог юм. Харин СББӨ-ийн жагсаалтад өвийг бүртгэн авах үндсэн шалгуур нь тухайн СББӨ-ийг эзэмшиж, мөн хойч үедээ өвлүүлж байдаг бүлэг, хамт олон ба хувь хүний өөрсдийнх нь үнэлж үйлдэж буй тэр үнэ цэнэ юм.

СББӨ-ийн Конвенци нь тодорхой бүлэг, хамт олон, хүмүүсийн онцлог бүхий соёл болон соёлын илэрхийлэл, уламжлалын үндсэн адил тэгш байдлыг чухалчилдаг болно. Конвенци нь өөр өөр үндэстэн улс орны бүлэг, хүмүүсийн СББӨ-үүдийн хооронд ямар нэг ялгаа гаргаж, зиндаа, зэрэглэл үүсгэн тодорхойлохгүй байхыг чиглэл болгодог. Конвенцийн жагсаалтуудад бүртгэгдсэн өвүүд, улс орны бүртгэлд орсон өвүүд нь уг жагсаалтуудад бүртгэгдээгүй болон улсын бүртгэлд ороогүй өвүүдээс илүү чухал эсвэл илүү үнэ цэнэтэй гэж үзэхгүй.

1.5 Соёлын олон төрөл байдлын тухай Конвенци ба СББӨ-ийн Конвенцийг харьцуулах нь

ЮНЕСКО-гийн Соёлын илэрхийллийн олон төрөл байдлыг хамгаалж хөхиүлэн дэмжих тухай 2005 оны Конвенци (голдуу Соёлын олон төрлийн Конвенци гэж албан бусаар нэрлэдэг)-той харьцуулснаар СББӨ-ийн Конвенцийн онцлог хүчин зүйлсийг тайлбарлаж болох юм.

Соёлын илэрхийллийн олон төрлийн Конвенци нь дуу, хөгжим, уран зураг, дуу авианы болон дүрс бичлэг, дүрслэх урлаг, үзүүлэн тоглолт зэрэг орчин үеийн, соёлын илэрхийллүүдэд голлон анхаардаг. Ихэнхи тохиолдолд эдгээр соёлын илэрхийллүүд нь шинэ бүтээл туурвилыг төлөөлж байдаг бөгөөд ихэнхдээ СББӨ-ийн адилаар хувьсан өөрчлөгдөж үеэс үед өвлөгдөн уламжлагдаж байдаггүй. 2005 оны Конвенци нь соёлын үйлдвэрлэлийг дэмжих, түүнчлэн соёлын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжиж зохицуулахыг зорилго болгодог. Энэ Конвенци нь мөн соёлын илэрхийллүүдийн агуулгыг бүтээж үйлдвэрлэх, түгээх, дэлгэрүүлэх, үзэж сонирхох, хэрэглэх болон тэдгээрээс таашаал хүртэх зэрэг хүний бүтээлч үйл ажиллагааны таатай нөхцлийг бүрдүүлж сайжруулахыг эрмэлздэг.

Тэгвэл СББӨ-ийн Конвенци нь арай өөр хүчин зүйлсэд гол анхаарлаа хандуулдаг юм. Энэ Конвенци нь тухайн СББӨ-ийг бүлэг, хамт олонд нь тогтвортой оршин үйлчлэх, өвлөгдөн уламжлагдаж байхыг дэмжинэ. СББӨ-ийг хамгаалж холбогдох бүлэг, хамт олон нь энх тунх, эв найртай, сайн сайхан аж төрж хөгжин дэвшихэд шууд болон шууд бусаар дэмжих ач тусаа өгдөг. Зарим хүмүүсийн бүлэг, хувь хүний хувьд СББӨ нь тэдний аж төрөх гол эх үүсвэр нь болж байдаг учир тухайн өв үе дамжин өвлөгдөн уламжлагдах боломжтой байдаг. СББӨ-ийн эдийн засгийн үр өгөөж нэн чухал бөгөөд хөгжиж буй орнуудад СББӨ-ийг хамгаалахад гол хөшүүрэг болох талтай.

1.6 Конвенциудад нэгдэн орсон улс орнуудын үүрэг, хариуцлага

Конвенцийг баталсанаар тухайн улс орон олон талын үүрэг, хариуцлага хүлээж байгаагаараа хүлээн зөвшөөрч, Конвенцийн зорилго, үзэл санааны дагуу төрөл бүрийн зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлж (эсвэл авч хэрэгжүүлэхэд идэвхи санаачлага гаргах) байхаа илтгэн харуулж буй явдал юм.

Оролцогч улсуудын үндсэн үүрэг, хариуцлага нь ерөнхийдөө өөрийн нутаг дэвсгэр дээр оршин байгаа СББӨ-ийг хадгалж хамгаалах зорилго бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тухайн СББӨ-ийн зүйлийг хадгалж хамгаалах өвлөн уламжлагчтухайн хүмүүсийн бүлэг, хамт олонд нөхцөл боломж олгох, туслан дэмжихэд оршино. Үүнд:
  • Нийгэмд Соёлын өвийг хамгаалах хөгжүүлэх ерөнхий бодлого боловсруулж батлан хэрэгжүүлэх 
  • Нутаг дэвсгэр дээрээ Соёлын өвийг хамгаалах зорилгоор холбогдох эрх мэдэл бүхий мэрэгжлийн байгууллагуудыг байгуулах, томилон ажиллуулах 
  • Өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын өвийг хамгаалахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээ авах. 
  • Хамт олон, бүлэг болон холбогдох төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет болон биет бус өвийн төрөл зүйлийг олж тогтоон тодорхойлох. 
  • Тухайн өвийг бүтээх, хамгаалах, өвлүүлэх үйлсэд хамт олон, бүлэг, зарим тохиолдолд хувь хүмүүсийг аль болох өргөнөөр оролцуулах. 
  • Соёлын өвийн асуудлаар шинжлэх ухаан, техникийн судалгаа хийж, судалгааны арга зүйг хөгжүүлэх 
  • Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж нутаг дэвсгэртээ байгаа соёлын биет болон биет бус өвийн нэг буюу хэд хэдэн бүртгэлийг хөтлөх. Тухайн бүртгэлийг тогтмол шинэчилж байх. 
  • Олон түмэн, ялангуяа залуучуудын дунд соёлын өвийн боловсрол, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээллээр хангах хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх 
  • Соёлын өвийн менежмент баримтжуулалт, судалгааны чиглэлээр чадавхи бэхжүүлэх сургалтууд зохион байгуулах 
  • Олон улсын санд хувь нэмэр оруулах 
  • Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлангаа ... Хороонд ирүүлж байх. 
1.7 Конвенцуудыг хэрэгжүүлэхийн ашиг тус

Конвенциудыг хэрэгжүүлэх нь дээрх үүргүүдийн хажуугаар Оролцогч улсууд, өвлөгч хамт олон, холбоогдох байгууллага болон нйит хүн амд ашиг тусаа өгөх болно. Үүнд:
  • Соёлын өвийг хадгалж хамгаалах, эзэмших, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан түгээх үйл ажиллагаа бэхжин хөгжинө. 
  • Хамт олны сайн сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэхэд тус дэм үзүүлнэ. 
  • Хүмүүсийн бүлэг, хамт олны хоорондын харилцан хүндлэл, ойлголцол бэхжинэ; 
  • Үндэсний болон олон улсын хэмжээнд аль алинд нь соёлын олон төрөл байдлын хөхиүлэн дэмжинэ. 
  • Холбогдох хамт олон, нийгмийн тогтвортой хөгжилд эерэгээр нөлөө үзүүлнэ.
  • Оролцогч улсууд болон бусад байгууллагууд олон улсын хамтын ажиллагаа болон тусламжаас дараах замаар ашиг тус хүртэнэ. Үүнд:
  • Соёлын өвийн мэдээлэл, туршлагаа олон улсын хэмжээнд харилцан солилцож Дэлхий нийтийн сүлжээнд нэгдэн орох; 
  • Шилдэг арга туршлагуудын бүртгэлээр дамжуулан хамгаалалтын сайн туршлагуудыг харилцан солилцох болон дэмжих; 
  • Конвенциудын Сангуудаар дамжуулан Олон улсын мэргэжил, эрдэм судлал, сургалт, санхүүгийн тусламж дэмжлэг авах бололцоотой болох; 
  • Соёлын өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтуудад нэр дэвшүүлэх, Дэлхийн өвд бүртгүүлэх, бүртгэгдсэн нөхцөлд холбогдох мэдээлэл дэлхий дахинаа цацагдах; 
  • Конвенциудын байгууллагуудад сонгогдох, томилогдох, оролцох, хамтран ажиллах.