ЮНЕСКО-ийн ивээл дор хэрэгжүүлэх “Уул ус тахих монгол ёс заншил, зан үйлийг сэргээн тэтгэх замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь” төслийн товч танилцуулга


Монголын ард түмэн түүхэндээ соёлын биет болон биет бус өвийн арвин баялаг санг бүтээн өвлөн уламжилж ирсэн билээ. Түүний дотор “Уул ус тахих монгол ёс заншил, зан үйл” онцгой үнэ цэнтэй. Гэхдээ өнгөрсөн ХХ зуунд тэр үнэ цэнтэй өв уламжлалыг шашны эсвэл “хуучны”, “хоцрогдсон” гэж үзэж үгүйсгэж, зарим үед хориглосноос мартагдахад хүрсэн юм. Иймээс тэрхүү үнэт өв уламжлалыг шинэ нөхцөл байдалд сэргээн тэтгэж хөгжүүлэх явдал монголчууд бидний өмнө тулгарсан билээ.

Дээрх учир шалтгаанаас үүдэн Монгол улс “Уул ус тахих монгол ёс заншил, зан үйл”-ийг “Соёлын биет бус өвийг хамгаалан дэмжих тухай” ЮНЕСКО-ийн 2003 оны Конвенцийн “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн Дэлхийн Жагсаалт”-ад бүртгүүлэхээр 2015 онд нэрийг дэвшүүлж баримтыг бүрдүүлж энэ Конвенцийн Засгийн газар хоорондын Хороонд хүргүүлсэн билээ. ЮНЕСКОийн энэ Хороо Монгол улсын хүсэлт, материалыг 2017 онд БНСУ-ын Чежу аралд болсон хурлаараа хэлэлцэн “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨийн Дэлхийн Жагсаалт”-ад бүртгэн авч, уг өвийг сэргээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Уул ус тахих монгол ёс заншил, зан үйлийг сэргээн тэтгэх замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт төслийг Монгол улсад 2018-2021 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Уг төслийг ЮНЕСКО-ийн батламжит ТББ - “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” санаачлан батлуулж, хэрэгжүүлэх гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байна. Тус Сан төслийг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг - Соёл, урлагийн газар, Соёлын өвийн Үндэсний төв, Ураг удам, уламжлалын холбоо ТББ болон бусад ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа билээ.

Төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдлэе” монгол түмний Аян өрнүүлэхээр зохион байгуулах Хороо шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Соёлын өвийн Анхдугаар Зөвлөгөөн 2018 оны 10-р сарын 17-18-нд Улаанбаатар хотод болсон бөгөөд Зөвлөгөөний үеэр “Эх нутаг, өв соёлоо дээдлэе” Аянг орон даяар зохион байгуулах Уриалга гарч, түүнийг Зөвлөгөөний бүх оролцогчид гарын үсгээ зурж халуунаар дэмжсэн юм.

ЮНЕСКО-ийн ивээл дор хэрэгжүүлэх төсөл болон Монгол түмний Аяны хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно. Үүнд: 

  1. Монгол нутаг дахь ураг удам, нутаг усныхны тахилга шүтлэгт газар нутгийн талаар шинжлэх ухааны судалгаа хийж, тэдгээрийн хадгалалт хамгаалалтын болон тахилгын зан үйлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч цаашид тэтгэн бэхжүүлэх арга замыг боловсруулах (2019); 
  2. Ураг удам, нутаг усныхны тахилга шүтлэгт газар нутгийн тодорхойлолт гаргаж, тэдгээрийн бүртгэл мэдээллийн үндэсний нэгдсэн сан байгуулж нийтэд хүртээлтэй болгох (2019-2020); 
  3. “Ураг удмынхаа шүтээн газар нутгаа эрхэмлэн дээдэлье” уриан дор Эх нутаг, өв соёлоо хайрлан хамгаалж, тахилгын зан үйлээ үлгэр жишээ үйлдэж байгаа тэргүүн туршлагын уралдааныг ураг удмыхны дунд зарлан дүгнэх, шагнан урамшуулах (2019 оны IX – 2021 оны VI сар); 
  4. Уул ус тахин шүтэх уламжлалт соёлын асуудлаар Үндэсний “ЭХ НУТАГ, ӨВ СОЁЛ МИНУ” МОНГОЛ ТҮМНИЙ АЯН (2019-2021) 11 семинар зохион байгуулж, ББСӨ болон тахилгын зан үйлийн шинэ үеийн өвлөн уламжлагч тусгай сургагч багш нарыг сурган бэлтгэх (2019 оны V, IX сард); 
  5. Сум бүрээс СББӨ болон уул усны тахилга шүтлэгийн зан үйлээр өвлөн уламжлагч багш нарыг бэлтгэх зорилгоор аймаг бүрт семинар зохион байгуулж сургалт хийх (2019 оны X, XI сард); 
  6. Ураг удам, уламжлалын Холбоо (УУУХ) сум бүрт ураг удмын шүтээн газар нутгийн хамгаалалт, тахилгын зан үйлийг хариуцсан хүнтэй болж, тахилгат газар нутгийн тодорхойлолт гаргах, ураг удам, нутаг усныхны дунд зарласан тэргүүн туршлагын уралдааныг зохион байгуулахад сумын Соёлын өвийн төвтэй хамтран ажиллаж сум, аймаг, улсын бүртгэл мэдээллийн сан үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх; 
  7. Аяны талаар TV, Радио, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр өргөн сурталчлахын зэрэгцээ Байгаль, соёлын өвийг хамгаалах сан, Соёлын өвийн үндэсний төв, Ураг, удам, уламжлалын холбоо, Монголын соёлын ажилтны “Хөгжлийн Эрин” холбоотой хамтран “Ураг удам” сонин, “Соёлын давалгаа”, “Соёлын өв” сэтгүүлээр тогтмол мэдээлж сурталчилж байх (2019-2021); 
  8. “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Аяны тухай танилцуулга ном, хангай болон говийн бүс нутгийн онцлогт нийцсэн сурталчилгааны ном гаргаж бүх сумын Соёлын өвийн төвд хүргэж сурталчлах (2019-2021); 
  9. Аяны тухай сургуулийн хүүхдүүдэд зориулсан тусгай сонин гаргаж бүх сургуульд хүргэж сурталчлах (2019 оны VIII сард); 
  10. Жил бүр “Хөшөө дурсгал”, дурсгалт газрын олон улсын өдөр (4-р сарын 18)-т зориулан “Өв соёл” эчнээ уралдааныг дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарлан дүгнэх (2020, 2021 он); 
  11. Дунд сургуулийн сурагчдын дунд “Эх нутаг, өв соёлоо дээдэлье” хөдөлгөөн өрнүүлж, нутаг усныхаа дурсгалт газар, хөшөө дурсгал, тахилгат газарт хүндэтгэл үзүүлж байх, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдрөөр эко болон соёлын аялал, уулзалт, хурал, үзэсгэлэн зэрэг олон талын арга хэмжээ зохион байгуулах; 
  12. “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний Аяныг дүгнэн, ураг удам, нутаг усныхны уул, усны тахилга шүтлэгийн ёс заншил, зан үйлийн Их наадам зохион байгуулах (2021 оны VI сард)